Хүний дотор эрхтний нэг болох ходоод гэх эрхтний бүтэц, үүрэг юу вэ?
Ходоод нь оймс хэлбэртэй, аюулхайд байрладаг хамгийн өргөн хөндийтэй эрхтэн юм. Ходоодны ¾ нь хэвлийн гол шугамын зүүн талд / зүүн хавирганы нуман доор /, ¼ нь хэвлийн дээд хэсэгт байдаг. Ходоодны хана салст бүрхүүл, салстын доорх суурь, булчинлаг бүрхүүл, гялтан бүрхүүл гэсэн 4 бүрхүүлээс бүтдэг. Үүргийн хувьд шүүрлийн болон хөдөлгөөний гэсэн 2 үндсэн үүрэгтэй. Ходоодны булчирхайн эсүүд хоногт 2-3л шүүс ялгаруулдаг ба үүний бүрэлдэхүүнд байдаг ферментүүд нь өөр өөрийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг. Харин хөдөлгөөн нь хоол тэжээлийг нөөцлөх, хоолыг ходоодны шүүстэй холих, жижиглэх, боловсорч байгаа хоолны бөөнийг /химус/ дээд гэдэс рүү шилжүүлэх үүргийг гүйцэтгэдэг.
Ходоод ямар үед өвддөг вэ?
Хоол ундны дэглэм алдагдах буюу удаан хугацаагаар өлөн явах, хоол хоорондын зай хэт хол, нэг дор их хэмжээтэйгээр идэх, хэт орой хооллох, яаран бүрэн зажлахгүй залгих, байнгын шарсан хуурсан түлэнхий хоол идэх, халуун ногоо амтлагч ихээр хэрэглэх, байнга нэг төрлийн хоол идэх, хэт их давсны хэрэглээ, архи тамхи зэрэг хорт зуршил, амьдралын буруу хэв маяг, мөн эмийг их хэмжээний усаар даруулж уухгүй байх, замбараагүй эмийн хэрэглээ, хоолны өмнө хойно буруу уух, дур мэдэн эм уух, эмийн харилцан нөлөөлөл зэрэг эмийн бодисын зөв хэрэглээг гажуудуулах бас сэтгэлийн янз бүрийн хямрал, цочролт байдалд орох гэх мэт хүчин зүйлс ходоодны ханын салст бүрхүүлийг гэмтээснээр өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс гадна хорт туяаны нөлөө, удамшил, дархлалын тогтолцоо алдагдах, химийн бодис, вирус болон бактерийн халдвар, цөсний хүчил болон нойр булчирхайн шүүс, ходоодны хүчлийн хэт ихсэлт нь бас нөлөөлдөг.
Сүүлийн үед ихээр тохиолдож буй ходоодны шарх өвчин нь юунаас болдог вэ?
Шархлаа өвчний 91% -д хелико пилори бактери илэрдэг. Мөн дээр дурьдсан нөлөөлөлүүд нь удаан хугацаагаар үргэлжилбэл шарх үүсдэг.
Ходоодны шарх өвчнийг хэрхэн оношлож, эмчилдэг вэ?
Ходоодны уян дуран, рентген болон хэт авиан шинжилгээгээр оношлоно. Шарх нь ямар шалтгаанаар үүсгэгдсэн, өвчний явц, эмгэг бүтэц, үе шат зэргээсээ хамааран эмчилгээ өөр өөр байдаг. Өвчинг үүсгэж байгаа шалтгааныг олж мэдэх нь маш чухал юм. Үүнийг хелико пилори бактерийг илрүүлэх, ходоодны шүүрлийн мөн эдийн шинжилгээгээр оношлодог.
Хүн ходоодоо хэдий хугацаанд дурандуулах болон үзүүлэх шаардлагатай вэ?
Хелико бактеритай бол 3 жилд 1 удаа, шарх оношлогдсон бол байрлалаасаа хамааран 1-1,5 сарын дараа давтан, 40 наснаас дээш бол урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1 удаа гэх мэт дурандах заалт гэж бий. Хэрэв заалт гарвал тухай бүрт нь дурандуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд өдөр бүр дурандсан ч болно. Үзүүлэхийн хувьд бол урьдчилан сэргийлэх зорилгоор мөн зовиур илэрвэл эмчид хандаж болно.
Хүний ходоодонд шимэгчлэн амьдардаг Хелико бактери гэж юу вэ?
Хелико пилори бактери нь урт зууван хэлбэртэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян бөгөөд хүний биед байх ёсгүй юм.
Хелико пилори бактери нь хүний биед хэрхэн ордог вэ?
Хелико пилори бактер нь хүний шүлс, ходоодны шүүсэнд амьдрах чадвартай байдаг учир шууд хавьтлын замаар буюу үнсэлцэх мөн өтгөнөөр, бохирлогдсон багаж буюу ходоодны дуран, шүдний багаж, тоног төхөөрөмж, аяга, таваг, халбага, сэрээ, амны алчуур гэх мэт замуудаар халдвартай хүнээс дамждаг.
Хелико пилори бактерийг хэрхэн оношлож эмчлэх вэ?
Ig G серологи гэж нэрлэдэг цусны шинжилгээ нь эмчилгээ хийлгэснээс хойш хэдэн сарын хугацаанд хэмжээ нь өндөр хэвээр байдаг учраас зөвхөн бага насны хүүхдэд анх удаагаа оношлуулж байгаа тохиолдолд л цусанд үзэж болдог. Бусад тохиолдолд энэ аргыг хэрэглэдэггүй. Харин уреазагийн амьсгалын сорил, өтгөний шинжилгээг хийж оношлодог. Мөн дурандаж байх үедээ эдийн шинжилгээ авах, ургуулах болон уреазагийн идэвхийг тодорхойлж болдог. Эмчилгээний хувьд: хелико пилори бактерийн эсрэг эмчилгээний үеийн хооллолтын дэглэм барина.Үүнд: өдөрт 5-6 удаа хооллох буюу удаан хугацаагаар өлсөхгүй байх, нэг доор хэт их идэхгүй байх, яарч сандран, тайван бус байдалтай хооллож болохгүй, 3-4 цагаас дээш хугацаанд өлөн байж болохгүй, физикийн цочруулгүй хоол идэх буюу хэт халуун хоол идэх, халуун хоол идсэний дараа хүйтэн цай ус уух зэргийг хориглоно. Мөн хоолыг бэлтгэхдээ жижиглэх, үрэх, машиндах зэрэг аргуудыг хэрэглэх, механик цочруулгүй хоол идэх буюу хоолны анхан шатны боловсруулалт амны хөндийд явагддаг гэдгийг санах хэрэгтэй, иймд аманд орсон хоолыг сайтар зажлах буюу том томоор нь бүхлээр залгихгүй байх хэрэгтэй. Химийн цочруулгүй хоол идэх үүнд: хурц, амтлагч ихтэй, халуун ногоотой, хүчиллэг ихэсгэх бүтээгдэхүүн болох цитрусын төрлийн жимс, архи дарс, тараг гэх мэт орно. Хоолны зөв боловсруулалт хийх буюу жигнэсэн, чанасан зэрэг хоол нь хүний биед “эм” болдог бол шарсан, хуурсан, түлэгдсэн зэрэг хоол нь сөрөг үр дагавар өндөр байдаг. Хориглох хүнсэнд: амттан, ундаа жүүс, кофе, вафли, шоколад, будагтай чихэр, газтай, өнгөтэй ундаа жүүс гэх мэт. Мөн тослог ихтэй цагаан идээ, өрөм, цөцгий, хайлмаг, тос, сарлаг, ингэний сүүн бүтээгдэхүүн, хэт исгэлэн ааруул, аарц, тараг, махны төрлөөс гахай, адууны мах, тарваганы мах, хиам, утсан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох лаазалсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, чипс. Төрөл бүрийн хурц амтлагчууд, халуун ногоо гэх мэт, мэдээж архины төрлийн ундаа зэрэг орно. Үүнээс гадна хелико пилори бактерийн эсрэг эмийн эмчилгээг хийдэг.
Хелико пилори бактеритай хүнд илрэх шинж тэмдэг юу вэ?
Ходоод, аюулхайд хүндрэх, өвдөх, хатгуулах зэрэг өвдөлт илрэх, ходоод аюулхай дээр цанхайх дүүрэх, хоолны дуршил буурах, цээж хорсох, аманд гашуун амтагдах, хоолны шингэц алдагдсанаас өтгөн хатах, гүйлгэх, амнаас эвгүй үнэр гарах, исгэлэн зүйлээр гулгих, бөөлжих, дотор муухай оргих, хоолны дуршил муудах, жин буурах, таргалах нүүр, их биеэр тууралт, батга гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Хелико пилори бактериас өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хэрхэн хамгаалах вэ?
Анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж бий. Анхдагч гэдэг нь хелико пилори бактерийн халдвар авахаас өмнөх урьдчилан сэргийлэлтийг хэлнэ. Үүнд: хувийн ариун цэвэр буюу гарыг өдөртөө тогтмол угаах, амны хөндийн ариун цэвэр, мөн хувийн эрүүл ахуйн дэглэм энд хувийн хэрэглээний аяга, халбага гэх мэт зүйлтэй байх, гэр бүлийн нийт гишүүд дээрх зарчмыг баримтлах зэрэг ордог. Хоёрдогч гэдэг нь хелико пилори бактерийн халдвар аваад эмчилгээ хийлгэснээс хойш авах арга хэмжээг хэлнэ. Үүнд: анхдагч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч дээр нь эмчилгээний үр дүнгээ хянах ёстой юм. Үүний тулд эмчилгээ дууссанаас хойш 14-28 хоногийн дараа өтгөнд эсвэл уреазагийн амьсгалын сорил өгч хяналт хийх шаардлагатай. Нэмж хэлэхэд эмчилгээ хийлгэсний дараа дархлал тогтдоггүй тул маргааш нь халдвар авах боломжтой учир урьдчилан сэргийлэлт маш чухал.