Сүүлийн үед Монгол эрчүүдэд үргүйдэл ихсэж байна хэмээн ярих болсон. Энэ талаар ярихгүй юу?
Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Гэвч яг үнэндээ томоохон нийгэмлэгүүдийн мэдээлэл, судалгаагаар үргүйдлийн 40 хувь нь хавсарсан болон дангаараа эрэгтэйгээс шалтгаалсан байдаг. Бид манай эмнэлэгт 2014 оны 11 сараас 2018 оны 09 сар хүртэлх хугацаанд үргүйдэл гэх шалтгаанаар хандсан хосуудын эрэгтэйчүүдэд түүвэр судалгаа хийсэн. Мөн энэхүү судалгаандаа үр тогтоох чадвартай эсэхээ тогтоолгохоор шинжилгээ өгсөн эрэгтэйчүүдийг ч хамруулсан. 1874 эрэгтэйг хамруулсан энэхүү судалгаагаар нийт эрчүүдийн 34.2 хувьд нь үрийн шингэний шинжилгээний янз бүрийн эмгэг өөрчлөлтүүд илэрсэн бөгөөд үүнээс эмчилгээний тавилан муутай азоосперм буюу үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй гэсэн өөрчлөлт дийлэнх хувийг эзэлж байгаа нь анхаарал их татаж байна. Энэ нь үргүйдэл Монгол эрчүүдэд ихсэж байгааг илтгэх нотолгоо болохоос гадна цаашид шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг хамтад нь судлах шаардлага хэрэгцээ байгааг харуулж байна.
Үргүйдлийг хэрхэн оношлох вэ? Уг эмгэгийг оношлоход хэцүү юу?
Үргүйдэл нь гэр бүлд үл итгэлцэл, хардалт үүсгэж гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр гэр бүлийн хосууд маань тэвчээртэй байж үргүйдлийн оношлогоонд хамтдаа хамрагдах ёстой. Нэн ялангуяа үргүйдлийн оношлогоог эрэгтэйгээс эхэлснээр эдийн засаг, цаг хугацаа хэмнэх боломжтой. Учир нь эмэгтэй хүн нэг өдөрт бүх шинжилгээг өгөх боломжгүй бөгөөд сарын тэмдгийн мөчлөгтөө тааруулаад дааврын шинжилгээ, ЭХО шинжилгээ, үрийн хоолойн рентген зураг авхуулах цаашлаад дурангийн оношлогоонд ордог. Гэтэл энэ бүхний эцэст үргүйдлийн шалтгаан эрэгтэйд байх нь нэлээдгүй тохиолддог. Харин эрэгтэй үргүйдлийг оношлох нь харьцангуй хялбар бөгөөд анхан шатны шинжилгээ нь үрийн шингэний шинжилгээ буюу спермограмм юм. Энэ шинжилгээгээр үрийн шингэнд байх үзүүлэлтүүд нь хэвийн хэмжээндээ байгаа эсэх өөрөөр хэлбэл үр тогтоох чадвартай эсэхийг үнэлдэг. Хэрвээ эрэгтэйд хийгдсэн үрийн шингэний шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн гарвал дараагийн удаа эхнэр, бэлгийн хамтрагчаас нь шалтгааныг хайх хэрэгтэй. Гэхдээ шалтгаан тодорхойлогдохгүй байгаа, эхнэр эсвэл бэлгийн хамтрагч нь давтан зулбаж байсан түүхтэй эрэгтэйд дараагийн шатны, илүү дэлгэрэнгүй шинжилгээг хийх хэрэгтэй.
Спермограмм шинжилгээ хэрхэн хийгддэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Үрийн шингэнийг шинжлэх, боловсруулах лабораторийн гарын авлагыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамгийн сүүлд 2010 онд шинэчилж гаргасан. Энэхүү гарын авлага, удирдамжинд үрийн шингэнийг шинжилгээнд авахын өмнөх нөхцөл, цуглуулан авах аргаас эхлээд бүхий л зүйлийг тусгаж зөвлөж өгсөн байдаг. Мөн шинжилгээний хариунд харьцуулалт, дүгнэлт хийх норматив хэмжээг тогтоож өгсөн байдаг. Өнөөдөр олон улсад үрийн шингэнийг шинжлэх уламжлалт болон компьютерт суурилсан гэх хоёр арга хэрэглэгддэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь уламжлалт арга буюу микроскопт харагдах эр бэлгийн эсийн тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь энгийн нүдээр тоолж дүгнэх арга юм. Гэвч энэ арга нь өндөр мэргэшсэн лабораторийн мэргэжилтэнг шаарддаг бөгөөд хувь хүнээс шалтгаалсан алдаа гарах магадлал өндөртэй. Иймд сүүлийн 10-аад жилд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэхүү хуучирсан аргыг халж CASA буюу компьютерт суурилсан оношлогооны арга нэвтрээд байна. Энэ нь микроскопт харагдах эр бэлгийн эсийн тоо хэмжээ, хөдөлгөөнийг комьпютерийн software системд хувирган ДЭМБ-н удирдамжийн дагуу автоматаар тодорхойлно. Мөн шинжилгээний явцад видео бичлэг хийж хадгалдаг бөгөөд дараа нь энэхүү хадгалсан видео бичлэгтээ дахин шинжилгээ хийж дүгнэлт өгөх боломжтой. Дээр нь маш богино хугацаанд буюу хэдхэн секундэд маш олон зураг авах хүчин чадалтай цаг хугацааны хувьд хүлээлт багатай оношлогоо юм. Энэхүү оношлогоо 2014 онд манай эмнэлэгт нэвтэрсэн
Үрийн шингэний шинжилгээг хийх аргачлал бүрэн автомат болсон гэсэн үг үү?
Тиймээ. Эрүүл эрэгтэйн 1 мл үрийн шингэнд 15 саяаас дээш тооны эр бэлгийн эс агуулагдах бөгөөд эрүүл эр бэлгийн эсүүд байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй оршиж байдаг. ДЭМБ-н зөвлөмжөөр тэрхүү хөдөлгөөний идэвхийг нь a,b,c,d хэмээн 4 ангилдаг. Үүнийг лабораторийн мэргэжилтэн маань нүдээрээ микроскопт хараад ялгаж тодорхойлно гэдэг учир дутагдалтай. Тэгвэл CASA оношлогооны аргыг нэвтрүүлснээр эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхийг илүү нарийвчлалтай буюу хурдан давших хөдөлгөөнтэй, удаан давших хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй хэмээн нарийн тооцоололтой гаргана. Тодруулбал эр бэлгийн эс секундэд 25 микрометер хүртэлх хурдтай хөдөлж байвал хурдан давших хөдөлгөөнтэй, секундэд 5-10 микрометер хурдтай хөдөлж байвал удаан давших хөдөлгөөнтэй, секундэд 2 микрометер хүртэлх хурдтай хөдөлж байвал давших хөдөлгөөнгүй ч хөдөлгөөнтэй эсүүд гэх мэтээр тооцоолж гаргана. Мөн дан ганц эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнийг үнэлэхээс гадна эр бэлгийн эсийн морфологи буюу бүтцийн өөрчлөлтийг энэхүү технологиор тодорхойлох боломжтой.
Эрэгтэй үргүйдлийг оношлох анхан шатны шинжилгээ нь спермограмм хэмээн та ярилаа. Тэгвэл дараагийн шатны шинжилгээ гэж байх уу?
Спермограмм шинжилгээ хэвийн гарсан тохиолдолд манай эмч нар болон эрчүүд хэвийн асуудалгүй байна гээд орхидог. Гэтэл энэ нь эрэгтэй үргүйдлийн хамгийн анхан шатны шинжилгээ юм. Үрийн шингэний үзүүлэлтүүд нь эмгэг гарах эсвэл энэхүү шинжилгээгээр хэвийн гарсан ч үргүйдлийн шалтгаан тодорхойлогдохгүй байгаа тохиолдолд эрэгтэйн үрийн шингэний шинжилгээний хариу болон бусад нэмэлт шинжилгээний үзүүлэлтүүдийг бодолцон цаашид тухайн хүнд тохирсон нарийсгасан шинжилгээг төлөвлөх хэрэгтэй. Эрэгтэйд байж болох үргүйдлийн шалтгааныг бүхий л боломжоороо илрүүлэхэд чиглэгдсэн оношлогооны нарийсган тодруулах 2 дахь шатны шинжилгээг хийх хэрэгтэй. Үүнд дааврын шинжилгээ, үрийн шингэний биохимийн шинжилгээ, микробиологийн шинжилгээ, эр бэлгийн эсийн амьдрах чадварын шинжилгээ, MAR тест шинжилгээ, ДНХ фрагментаци цаашлаад генетикийн шинжилгээ, төмсөгний биопси зэрэг хамаарна.
Эдгээр дэлгэрэнгүй шинжилгээнүүдийн талаар товч тайлбарлаач?
Эр бэлгийн эсийн тоо хэмжээ хэвийн мөртлөө микроскопт харахад эр бэлгийн эсүүд хоорондоо наалдсан эсвэл эр бэлгийн эсийн хөдөлгөөн муу, шалтгаан тодорхойгүй үргүйдэл, төмсгөндөө гэмтэл авч байсан түүхтэй, үрийн шингэнд цагаан эсийн тоо олширсон зэрэг тохиолдолд MAR- тест шинжилгээг хийх заалттай. Энэ шинжилгээгээр эр бэлгийн гадаргуу дээр үүссэн ауто эсрэг бие байгаа эсэхийг тодорхойлж дархлалын шалтгаантай үргүйдлийг оношлох боломжтой. Мөн ДНХ фрагментаци буюу эр бэлгийн эсийн толгойд байрлах генийн мэдээлэл агуулах ДНХ-д гажиг байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ юм. Хэвийн үед ДНХ фрагментацитай эсийн тоо 30 хувиас ихгүй байх ёстой. Шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй хосуудын 80 хувьд нь эрэгтэйн эр бэлгийн эсийн ДНХ фрагментаци өндөр хувьтай байдаг. Энэ нь эрэгтэй үргүйдлийн гол шалтгаан болохоос гадна давтан зулбалтын гол шалтгаан болдог. Харин үрийн шингэний шинжилгээнд хөдөлгөөнгүй эр бэлгийн эсүүд дийлэнх хувьтай тодорхойлогдвол HOS тест шинжилгээг хийх хэрэгтэй. Хөдөлгөөнгүй эр бэлгийн эсүүдийг амьд эсвэл үхсэн гэдгийг тодорхойлоход ач холбогдолтой. Эр бэлгийн эсийн амьдрах чадвар тухайн сорьцон дахь нийт хөдөлгөөнтэй эр бэлгийн эсүүдтэй нягт холбоотой. Амьд гэвч хөдөлгөөнгүй эсүүд дийлэнх хувийг эзэлж байвал эр бэлгийн эсийн сүүлний бүтцийн гажгийг илэрхийлнэ, хөдөлгөөнгүй үхсэн эсүүд байвал төмсөгний дайврын эмгэгийг заадаг. Амьд эр бэлгийн эсүүд дотор осмос багатай уусмал нэвтрэн орох үзэгдэл дээр үндэслэгдсэн шинжилгээ юм. Тэгэхээр дан ганц эр бэлгийн эсийн тоо хэмжээ, хөдөлгөөнийг үнэлээд зогсохгүй дээрх шинжилгээнүүдийг хамт цогцоор нь үнэлж байж үнэн зөв найдвартай онош гарна гэсэн үг.
Эдгээр шинжилгээнүүдийг өгөхөд ямар бэлтгэл хангаж, яаж өгөх вэ?
Үрийн шингэний шинжилгээ өгөхөөс өмнө 2-7 хоног бэлгийн харьцаанд ороогүй ямар нэгэн байдлаар үрийн шингэнээ гадагшлуулаагүй байх, халуун саун эсвэл халуун рашаанд суухгүй байх, архи согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглээгүй байх, архаг хууч өвчний сэдрэлгүй байх үедээ шинжилгээ өгөх нь үнэн зөв бодитой хариу гарахад тусална. Мөн шинжилгээ өгөхөөс 12 цагийн өмнө тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Үрийн шингэний шинжилгээнд эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд 2 долоо хоногоос 10 долоо хоногийн зайтай давтан шинжилгээ өгөх шаардлагатай.
хэвлийн хурц өвдөлтийн оношилгоо тус тус хийгдэж байна.