Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага сүүлийн жилүүдэд ихээр санаа зовинож, өргөн цар хүрээтэй хэлэлцэж буй тулгамдсан асуудал бол АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТ… Антибиотик тэсвэржилт гэдгийг маш энгийнээр тайлбарлая!
Иргэн А ханиад, томуу, халдварт өвчний үед антибиотикийг өөрийн дураар худалдан авч, өвчний шинж тэмдэг арилах төдийд эмээ уухаа зогсоож, мартаж санан байж замбараагүй хэрэглэснээс үүдэж өвчин үүсгэгч нян амьд үлдэхийн төлөө хувьсан өөрчлөгдөж тухайн АНТИБИОТИК-ийг задлах чадвартай болдог. Ингээд А-гийн замбараагүй хэрэглээнээс болж антибиотикт тэсвэртэй болсон нян түүний нялх хүүхдэд халдварласан тохиолдолд А-гийн хэрэглэсэн тухайн антибиотикт эмчилгээний үр дүн гарахгүй, өвчин даамжирч хугацаа алдаж хүндрэх эрсдэлтэй. Эцэг эхчүүдийн буруу үйлдлээс болж нялх хүүхдүүдийг эмчлэхийн тулд эмч нар хүчтэй, өндөр тунтай антибиотик хэрэглэхээс өөр сонголтгүй болдог. Цаашлаад иргэд хүчтэй, өндөр тунтай АНТИБИОТИК-ийг ч замбараагүй хэрэглэсээр байвал хурдацтай хувьсан тэсвэржиж байгаа нян вирусын хөгжлийг хүн төрлхтөн гүйцэж, шинэ антибиотик нээж, үйлдвэрлэж чадахгүйд хүрч, эмч нарын гар хоосорч, ирээдүй, хойчид маань юу тохиолдох бол…
Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээг яаж хийдэг вэ?
I. Энэхүү шинжилгээг хийхийн тулд тухайн нянгийн халдвартай хэсгээс сорьц авч тусгайлан бэлтгэсэн тэжээлт орчинд ургуулан нян, мөөгөнцөрийн халдвар авсан эсэхийг илрүүлнэ. Нян бол амьд организм, өөрийн өсөж, үржих, хуваагдах хурд, идэвхитэй учир нян өсгөвөрлөх шинжилгээний хариу 48 цагийн дараа гардаг. Учир нь нян бактерыг нүдэнд үл үзэгдэх хэмжээнээс нүдэнд эсвэл багажинд мэдрэгдэх хэмжээ хүртэл үржүүлж, олшруулаад шинжилгээ хийдэг.
II. Өвчин үүсгэгчийг нэгэнт тодорхойлсоны дараа түүнийг эмчлэхэд хамгийн тохиромжтой мэдрэг болон тэсвэртэй антибиотикуудыг туршиж тодорхойлно.
Бактериологийн шинжилгээг нян, мөөгөнцөрийн халдвар авсан гэж таамагласан тохиолдол бүрт өгөх шаардлагатай.
Шинжилгээг хаанаас авдаг вэ?
- Идээт шарх /Хатиг, буглаа/
- Өтгөн /Гэдэсний халдварт өвчнүүдийн үед/
- Шээс, бэлгийн зам /Бөөр шээсний замын халдварт өвчнүүдийн үед/
- Чих, хамар, хоолой, загиур /эдгээрийн үрэвсэлт идээт өвчнүүдийн үед/
- Цус, тунгалгийн шингэн /Сепсис/
- Нугасны ус
- Цэр /Уушигны үрэвсэлт өвчнүүд хатгаа, бронхит гэх мэт/
- Шүд буйлны үрэвсэл
- Мэс заслын шарх /Шарх идээлж, шүүс гарах нь нянгийн халдвар орсныг илтгэнэ/ зэргээс арчдас авч шинжилнэ.
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?
Мэдрэг-S /Эмгэгтөрөгчийг устгах чадвар маш сайн/
Дунд мэдрэг-I /Эмгэгтөрөгчийг устгах чадвар дунд/
Тэсвэртэй-R /Эмгэгтөрөгчийг устгах чадваргүй/
Жишээ нь: Амьсгалын дээд замын арчдаст /хөөмийгөөс/ нян ургуулах , антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ нь таны хоолойд эмгэгтөрөгч буюу өвчин үүсгэгч нян байгаа эсэхийг илрүүлэх бөгөөд бэлтгэл байдлыг хангах нь шинжилгээний хариу үнэн зөв гарар үндэслэл болдог.
- Амны хөндийн нянг устгахаас сэргийлээд 2цагийн дотор хоол идээгүй байх
- Шүдээ угаагаагүй байх
- Ариутгалын шингэнээр амаа зайлаагүй байх шаардлагатай.
Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэхгүй, дур мэдэн антибиотикийг замбраагүй хэрэглэснээр эмгэгтөрөгч нянгууд антибиотикт тэсвэртэй болж өвчний эдгэрэлт удааширч байна.
Антибиотик болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг зохистой хэрэглэхийн тулд антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариуг үндэслэн уг эмгэгтөрөгч нянд мэдрэг /хамгийн тохиромжтой/ антибиотикийг эхнээсээ зөв сонгох боломжийг олгоно. Өвчний эдгэрэлт түргэсч, эмчилгээг үр дүнтэй болгодог.
Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээ дараагийн шатны антибиотикийн сонголтыг хийх боломжийг олгодог эмчилгээний өндөр ач холбогдолтой. Эдийн засгийн ач холбогдолтой.
Халдвар үүсгэгчийг оношлох, нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох, бас антибиотикт тэсвэржсэн нянгийн лабораторийн оношлогоог сайжруулдаг.
Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлж түүний тархалтыг зогсооно.
Иймээс нянгийн халдварын үед хүүхэд, насанд хүрэгчид антибиотикийн мэдрэгийн шинжилгээг заавал хийлгэх нь эмчилгээ, оношлогооны чухал ач холбогдолтой!!!
Юнимед Интернейшнл Эмнэлгийн хүүхдийн эмч зөвлөж байна.