Эндометриоз нь үргүйдэлд хүргэх томоохон шалтгааны нэг юм.

A- A A+
Эндометриоз нь үргүйдэлд хүргэх томоохон шалтгааны нэг юм.

Эндометриоз өвчний талаарх ерөнхий ойлголт

Эндометриоз гэдэг нь умайн салст бүрхэвчийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа эдүүд умайн хөндийгөөс өөр байршиилд, өөр эд эрхтэнд шилжин байрлаж орчиндоо үрэвслийн нэвчдэс, наалдац үүсгэснээр бүтэц үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг архаг хүнд явцтай дахилтат эмгэг юм.

Эндометриоз өвчин ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

Уг өвчний шалтгаан, үүсч байгаа эмгэг жамын талаар олон онолууд байдаг ч бүрэн тайлбарлагдаагүй байна. Єнєєгийн байдлаар эндометриозын боломжит шалтгааныг дааврын ялгаралын алдагдал, дархлааны системийн хямрал, тухайн эмэгтэй хvний дотоод бэлгийн эрхтний бvтцийн онцлог, удамшлын хvчин зvйлтэй холбон vзэж байна. Уг эмгэг нь аарцгийн хөндийн гялтан хальс, өндгөвч, аарцаг-умайн холбоосууд, үтрээ шулуун гэдэсний таславч, мухар олгой, нарийн бүдүүн гэдэсний хана, шээсний замын эрхтнүүдийг ихэвчлэн гэмтээдэг төдийгүй кесар хагалгааны сорви, умайн хүзүү, цээжний хөндийн гялтан, өрцөн дээр байршин эмгэг голомтуудыг үүсгэнэ.

Эндометриоз өвчний үед илрэх шинж тэмдгүүд юу вэ?

Эндометриозын голомтын байрлалаас хамаарахгүй нийтлэг илрэх шинж тэмдэг нь явц удаан, улам хүндрэх хандлагатай, хэвлийн доогуур өвдөх, биений юмны өмнө болон ирэх үед өвдөлт ихсэх, биений юм алдагдах, биений юм ихээр эсвэл маш багаар ирэх шинж илэрнэ. Харин голомтын хэмжээ, хаана байрлаж байгаагаас хамаарч бэлгийн хавьтлын үед өвдөх, бие засах үед өвдөх, өтгөн хатах, цустай шээх зэрэг зовиур илэрдэг. Үүний зэрэгцээ алсын хүндрэл нь үргүйдэл, архаг өвдөлтийн хам шинж юм.

Эндометриоз өвчнийг хэрхэн оношилдог вэ?

2010 онд хийгдсэн дэлхийн хэмжээний томоохон судалгаагаар дэлхий дахинд 15-49 насны 1,7 тэрбум эмэгтэй байгаагаас 176 сая эмэгтэйчүүд эндометриоз өвчинтэй  бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 10 эмэгтэй тутмын нэг нь тус эмгэгт өртөж байгаа юм. Уг эмгэгийг оношлоход өвчтөнд илрэх дээр дурьдсан онцлог эмнэлзүйн шинжүүд чухал ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн эмч бодит үзлэг, хэт авиан шинжилгээ болон рентген шинжилгээ, томографын шинжилгээгээр өндгөвчийн эндометриозын байрлал, хэмжээг тогтоож мэс заслын өмнөх дүгнэлт хийхэд ач холбогдолтой хэдий ч наалдацт өөрчлөлт бүхий жижиг голомтуудыг тэр болгон оношлох боломжгүй байдаг.  Оношзүйн гол нотолгоо алтан стандарт нь хэвлийн дурангаар эндометриозын голомтуудыг шинжилж тархалтын талбай, нэвчиж ургасан байдал, наалдац, байршил зэргийг тогтоох ба голомтоос эд сорьцын шинжилгээ авч онош батлагддаг.

Эндометриоз өвчнийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

Өвчтөний нас, өвчний үе шат, хэлбэр, шинж тэмдгүүд, тархалтын байдал, хүүхэд төрүүлэх хүсэл зэргээс хамаарч эмчилгээний хэлбэрийг сонгоно. Эмчилгээний ерөнхий зарчим нь өвдөлт зовиурыг багасгах, гэмтлийн талбайг багасгах, үр тогтох чадварыг хадгалж үлдэх, сэргээх, дахилт өгөхөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.  Үүнд:

Өвчин намдаах эмчилгээ – Дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэн өвдөлт зовиурыг багасгах зорилгоор хэрэглэнэ.

Даавар эмчилгээ – Орчин үед эндометриозын өвөрмөц эмийн эмчилгээнд хавсарсан дааврын бэлдмэлүүд, прогестагенүүд, гонадотропин рилизинг агонист зэрэг дааврын эмүүдийг өвчтөний хувийн онцлогт тохируулан хэрэглэдэг.

Мэс заслын эмчилгээ – Дурангийн мэс засал эмчилгээ хийгддэг бөгөөд мэс засал эмчилгээний ерөнхий зарчим нь эндометриозын голомтыг арилгах, наалдацыг салгах, өвдөлтийг багасгах, үргүйдлийг оношлох эмчлэхэд чиглэгддэг.