Хүүхдийн хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлье!!!

A- A A+
Хүүхдийн хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлье!!!

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.Уушгины үрэвсэл буюу уушгины хатгалгаа нь уушгины цулцангийн тодорхой хэсэг цочмогоор улайн хавагнашиж, шүүстэж, эмзэглэн, нэвчдэстэн үйл ажиллагаа нь хямардаг.

Өөрөөр хэлбэл хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрдөг.  Иймд эд эрхтнийг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж, амьсгалын тоо олширч эхэлнэ.

Хүүхдүүд амьсгалын замын эрхтэний өвчнүүдээр өвчлөмтгий байдаг.

Уушигны үрэвслийн шалтгаан:

  • Нян: пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар,цус задлагч савханцар, гемофилиус ифлюенций,MRSA,микоплазм , клебсиел,эшерихийн савханцар гэх мэт
  • Вирус: томууны вирус А, В, С хүрээ,иж томууны вирус, аденовирус ,риновирус,RS вирус,цитомегали
  • Эгэл биетэн
  • Мөөгөнцөр
  • Халдварын бус шалтгаан \тоос тоосонцор,хортой хий, хорт утаа,хөө тортог болон ууршсан зүйл,ургийн шингэн зэрэг

Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:

  • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд тэжээвэр өсөх,амьдралын нөхцөл , асаргаа гэх мэт

  • Хүүхдийн нас биеийн онцлог :бага насны хүүхдийн амьсгалын замын эрхтэнүүдийн хөгжил бүрэн гүйцэд хөгжөөгүй,цэвэршүүлэх үйл ажиллагаа дутмаг байдаг.
  • Суурь өвчнүүдээр өвчлөх\рахит,тураал, цус багадалт, диатез, тунгалгийн эмзэгшил, сэрээ булчирхай томтой төрөх
  • Бага насны хүүхдийн дархлаа хамгаалах тогтолцооны үйл бүрэлдэж гүйцээгүй байдаг тул
  • Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, өвчинд өртөмхий болдог.
  • Ургийн хүчилтөрөгчийн дутал,бүтэлт, гавлын доторхи гэмтэл, уушгины дутуу хөгжил,уушги-гуурсны гаж хөгжил,удамшлын гаралтай дархлаа дутал, харшилын суурь эмгэгүүд, зүрхний гажиг, саа саажилт.
  • Нэг дор олуулаа амьдрах нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог.
  • Олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
  • Тамхины утаа\хүүхдийн дэргэд тамхи татах\
  • Амьдарч буй орчин\утаа,угаар,тоос тоосонцор,агаар, хөрс, усны бохирдолзэрэгтэй шууд буюу шууд бусаар холбоотой.
  • Байгаль газар зүй, цаг агаарын нөлөөлөл\эрс тэс уур амьсгал\
  • Агаарын бохирдол хүүхдийн уушгийг цочроож, гэмтээд дархлааг бууруулдаг.

Уушгины хатгалгааны үндсэн шинжүүд:

  • Удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах, зовууртай ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх\ хүүхэд уйлагнах\
  • Огцом халуурах,чичрэх
  • Тайван бус эсвэл унтаа ноомой болох ,зарим тохиолдолд таталт өгөх,суулгах
  • Тайван үедээ амьсгаадах ,амьсгалын тоо олширох
  • Цээж хонхолзох
  • Амьсгал саадтай шинж\ цээж шуугих ,амьсгал гарахдаа толгой дахилзуулах, хяхтнаж амьсгалах\
  • Амьсгалахад бэрхшээлтэй болох
  • Хүүхэд яраглах
  • Хамрын угалз сарталзах
  • Хамар, уруул хөхрөх
  • Хоолонд дургүй болох
  • Ууж чадахгүй болох

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь ч болно.Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ.Үүнд:

  • 60 ба түүнээс олон\2 сар хүрээгүй\
  • 50 ба түүнээс олон\2-12 сар хүртэл\
  • 40 ба түүнээс олон \12 сараас 5 нас хүртэл\
  • Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ.
  • Зайнаас амьсгал шуугантай сонсогдохыг цээж шуугих гэж хэлдэг.
  • Амьсгал саадтай болох. (хүчилж амьсгалах, зайнаас цээж шуугиж сонсогдох)Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
  • Амьсгалын тоо олширвол
  • Биеийн байдал дордвол
  • Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
  • Бөөлжиж, шингэн дутагдалд орвол
  • Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах, оцом халуурах зэрэг шинжүүд ажигладвал, биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.

Оношлогоо:

  • Асуумж\өвчний өгүүлэмж\
  • Бодит үзлэг \уушгийг чагнах, тогшиж үзэх \
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Антибиотик мэдрэг чанарыг хоолойн арчдаст үрэвсэл үүсгэгчийг тогтооно.
  • Рентген зураг
  • Аденовирус, ротовирус тодорхойлох

Юуны өмнө уушигны үрэвсэл, уушигны хатгаа гэсэн оношийг зөвхөн мэргэжлийн эмч л тавьдаг гэдгийг анхаарч, өөрөө өөртөө онош тавьж, элдэв эм тариаг сургаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Уушгины хатгааны эмчилгээ:

Үүсгэгчийн эсрэг эмчилгээ         

  1. Хүнд биш (гэрээр антибиотик уулгаж )
  2. Хүнд (эмнэлэгт 1 антибиотикийг судсаар тарьж )
  3. Маш хүнд (эмнэлэгт 2 антибиотик судсаар тарьж эмчилнэ) хэмээн 3 ангилна.
  • Антибиотик эмчилгээг сонгохдоо АМЧ-ын шинжилгээг ашиглах нь оновчтой эмчилгээ болдог.
  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ
  • Дархлаа сэргээн сайжруулах эмчилгээ
  • Мөөгөнцөрдөхөөс сэргийлэх эмчилгээ
  • Агаарыг чийгшүүлэх арга хэмжээг заавал авна.
  • Гуурс тэлэх\шуугиантай амьсгалтай\
  • Дааврын эмчилгээ
  • Шимт бодис,аминдэмээр баялаг хоол өгөх
  • Хордлого тайлах\шингэн сэлбэх, шингэнийг ердийнхээс илүү өгөх\
  • Биеийн эсэргүүцлээ сайжруулах ,тордон тэхрүүлэх эмчилгээ
  • Хүчилтөрөгчийн дутагдлыг арилгах\өрөөг агааржуулах\
  • Амьсгалын замыг чөлөөлөх эмчилгээ \хамар цэвэрлэх,утлага, цэр соруулах,доргиох массаж, бумба УВЧ\
  • Хавсарсан ба дагалдах өвчин суурь өвчнийг жишиг эмчилгээгээр эмчилнэ
  • Эмчилгээ дунджаар 10-14 хоног үргэлжилнэ.

Эмчилгээнд  анхаарах  зүйлс:

  • Эмчилгээг эмнэлэгт, эсвэл гэрээр хийх эсэхийг зөвхөн эмч л шийднэ.
  • Шинжилгээнүүдийг нотолгоонд суурилсан эмчилгээ хийхэд ашиглана.
  • Эмчилгээг гэрээр хийхээр болсон тохиолдолд тасалгааг байнга салхилуулж, шинэ агаар оруулж байх хэрэгтэй.
  • Эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхорох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог.
  • Эмч антибиотик эмчилгээг үргэлжлүүлэн уухаар зөвлөсөн бол хэрхэн хэзээ хэд хоног уухыг эмчийн зааврын дагуу өг.Эмийн эмчилгээ таслахгүй байх.
  • Хүүхдийн биеийн байдал сайжирсан, эмийн эмчилгээг үргэлжлүүлэн ууж, давтан ирэх хугацаандаа үзлэгт хамрагдах.
  • Ханиалгах нь таны хүүхдийн уушгин дахь цэрийг ховхолж өгж байгаа тул дур мэдэн эмчийн зөвшөөрөлгүйгээр ханиалганы, ханиадны эсрэг эмийг бүү өгөөрэй.
  • Уушигны хатгаа нь цээжний гялтан хальсны үрэвсэл, идээт процессээр хүндэрсэн үед эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг тул тэвчээртэй байх хэрэгтэй.
  • Дутуу эмчилсэн хатгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.

Гэрт гараад:

  • Таны хүүхэд эмнэлгээс гараад хатгааны шинж тэмдэг бага багаар арилна.
  • Ханиалгалт нь 7-14 хоногийн дараа багассаар арилна.
  • Хоолны дуршил болон нойр нь 7 хоногийн дараанаас сайжирна.
  • Хүүхдийнхээ асаргаанд онц анхаарах хэрэгтэй.
  • Дааруулахгүй байна.
  • Дахин халдвар авахаас сэргийлэх
  • Цээжинд доргилттой массаж хийх нь таны хүүхдийн цэрийг суллаж өгөхөд нь тусална.
  •  Хурц үнэртэй, арц, хүж,спирт агуулсан ариутгагч, савангаас хол байлгах.
  • Харшил төрүүлэх хоол хүнс дээр анхаарах\өндөг, амтлагч,чихэр, шоклад, өнгөтэй жүүс, ундаа\
  • Гарын ариун цэвэр сайн сахих.
  • Тамхинаас хол байлгах ба гэр, машин эсвэл хүүхдээ байгаа газарт тамхи татахаас татгалзах.
  • Хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах
  • Гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Хооллолт:

  • Хүүхдийн хамрыг цэвэрлэж чөлөөтэй амьсгалуулах.
  • Зөв зохистой хооллох\ялангуяа хөхөө сайн хөхүүлэх\
  • Хүүхэд хангалттай сайн идэж, уух хэрэгтэй.
  • Хүүхдийн өөрийн уудаг шингэн зүйлсийг хангалттай сайн уулгана (аньсны шүүс, нохойн хошууны ханд, цай, буцалсан ус, хярам, шингэн байхуу )
  • Нэг дор их хэмжээгээр идүүлж уулгах нь хүүхдийг ядрааж болзошгүй тул бага багаар олон удаагийн давталттай өгөх.
  • Хоол идэж уухдаа ханиалгаж байгаад бөөлжиж хоолоо гаргавал хэдэн минут хүлээж байгаад дахин өгөх.
  • Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
  • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.
  • Дархлаажуулах нь чухал.Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
  • Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
  • Гараа тогтмол савандаж сайн угаах.Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
  • Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, ногоо,сүү ,цагаан идээг  тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.Хүүхдийг эрт унтуулах орчинг бүрдүүлж өгөх.
  •  Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх,\угааж байх\ амны хаалт зүүх.
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.
  • Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл  эмчид үзүүлэх.
  •  Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Хатгалгааг эмнэлэгт 5-7 хоног хэвтүүлж эмчилдэг.Энэ хугацаанд хурц үеийг дардаг.Эмнэлгээс гараад өрхийн эмчийн хяналтанд бүрэн шимэгдэх хүртэл эмчлүүлнэ.
  • Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой.