Эрэгтэй хүний үр тогтоох чадварыг илтгэх хамгийн энгийн бөгөөд чухал шинжилгээ нь үрийн шингэний шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр үрийн шингэнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, морфологи зэргийг үнэлж тухайн эрэгтэй үргүйдэлтэй эсэх, үргүйдлийн урьдал байдалд байгаа эсэхийг тодорхойлдог. Манай төвийн андрологийн лаборатори нь Герман, Энэтхэг зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий оношилгооны аргачлалуудыг эрэгтэй үргүйдлийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.
Үрийн шингэний шинжилгээг микроскопт энгийн нүдээр харж тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь үнэлдэг хуучирсан аргыг халж CASA-Computer Assisted Semen Analysis буюу компьютерт суурилсан үрийн шингэний оношилгоо-ны аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь микроскопт харагдах эр бэлгийн эсийн зургийг авч комьпютерийн software системд хувирган тоо хэмжээ, хөдөлгөөнийг нь ДЭМБ-н зөвлөмжийн дагуу автоматаар тодорхойлох боломжийг олгож байгаа юм.
Эрүүл эрэгтэйн 1 мл үрийн шингэнд 20-250 сая эр бэлгийн эс агуулагдана. Үүнийг энгийн нүдээр микроскопт хараад тоо хэмжээ, хөдөлгөөний идэвхийг тодорхойлно гэдэг учир дутагдалтай. Тэгвэл энэхүү оношилгооны аргыг нэвтрүүлснээр эр бэлгийн эсийн тоо үнэн зөв гарах боломжтойгоос гадна эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхийг ч нарийн тооцоололтой гаргана. Тухайлбал эр бэлгийн эс секундэд 25 микрометер хурдтай хөдөлж байвал хурдан хөдөлгөөнтэй эс, секундэд 5-10 микрометер хурдтай хөдөлж байвал удаан хөдөлгөөнтэй эс, секундэд 2 микрометер хүртэлх хурдтай хөдөлж байвал хөдөлгөөнгүй эр бэлгийн эс хэмээн ангилан тодорхой нарийвчлалтай гаргах боломж бүрдсэн. Мөн дан ганц эр бэлгийн эсийн тоо хөдөлгөөнийг үнэлэхээс гадна эр бэлгийн эсийн морфологи буюу бүтцийн өөрчлөлтийг тодорхойлох боломжтой.
Шинжилгээний өмнөх бэлтгэл
Үрийн шингэн өгөхөөс 48-72 цаг (2-3 өдөр) өмнөөс доорхи шаардлагуудыг хангаж эхлэнэ.
1. Бэлгийн хавьталд орохгүй, өөр ямар нэг байдлаар үрийн шингэн гадагшлуулаагүй байх
2. Архи согтууруулах бүх төрлийн зүйл хэрэглэхгүй байх
3. Сауна, халуун устай ваннд суухгүй байх. Шаардлагатай тохиолдолд шүршүүрт орж болно.
4. Хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй, тайван стрессгүй амрах хэрэгтэй.
Шинжилгээ авах цагийн хуваарь
Юнимед Интернейшнл эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн дэргэдэх андрологийн лабораторийн шинжилгээ авах цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-15:00 цагийн хооронд
Бямба 10:00-:14:00 цагийн хооронд шинжилгээг авна.
Шинжилгээний хариу 1 цагийн дотор гарна.
Эрэгтэй үргүйдлийг оношлох бусад шинжилгээ
Зарим тохиолдолд үрийн шингэнд эмгэг өөрчлөлт илрэх бөгөөд шалтгааныг тодруулах зорилгоор илүү нарийн шинжилгээ хийх шаардлага тулгардаг. Иймээс манай төв нь дааврын шинжилгээ, ДНХ фрагментаци, HOS тест, MAR test зэрэг шинжилгээнүүдийг оношилгоонд нэвтрүүлэн ажиллаж байна.
1. ДНХ фрагментаци шинжилгээ
2. HOS test (hypo-osmotic swelling test) Эр бэлгийн эсийн амьдрах чадварыг тодорхойлох шинжилгээ
3. MAR test- SpermMar IgG Test