Цусны Даралт Ихсэх Өвчин

A- A A+
Цусны Даралт Ихсэх Өвчин

Цусны Даралт Ихсэх Өвчин

1. Даралт гэж юу вэ? Сүүлийн үед зөвхөн настай хүмүүс төдийгүй залуу хүмүүс даралт ихэсдэг болсон талаар ярих болсон, энэ талаар мэдээлэл өгөөч.

Даралт гэдэг нь судасны ханан дээр цусны үзүүлж буй эсэргүүцлийг хэлдэг. Тэгэхээр уг эсэргүүцэл нэмэгдэх нь цусны даралт ихсэлтийг бий болгодог. Даралт ихсэх өвчин нь сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд залуужиж байгаа нь маш харамсалтай юм.  Энэ нь амьдралын буруу хэв маягтай ихээхэн холбоотой байдаг. Тухайлбал, буруу хооллолт, суугаа ажил, стресс, нойргүйдэл, жингийн илүүдэл гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлж байна.

Даралт ихсэх өвчний талаар манай иргэд их ярьдаг: миний даралт бөөрний даралт, зүрхний даралт гэх мэт байдлаар ойлгоцгоодог. Тэгвэл цусны даралт ихсэх өвчнийг 2 ангилдаг байна.

Анхдагч даралт ихсэх өвчин. Энэ нь өөрөө бие даасан өвчин юм. Анхдагч даралтын онцлог нь удамших хандлагатай, идэр залуу насанд илрэх нь элбэг байдаг бөгөөд даралт бууруулах эмийн эмчилгээг насан туршдаа хийх шаардлага ихэнхидээ гардаг.

Хоёрдогч даралт ихсэх өвчин. Энэ нь ямар нэгэн өвчин, бие махбодид илэрсэн эмгэг өөрчлөлт байгаа тохиолдолд үүсдэг даралт юм. Жишээ нь: Дотоод шүүрэл, зүрх судас, бөөрний өвчин эмгэг, мэдрэлийн өвчин эмгэг, мөн эмийн хэрэглээнээс үүдэлтэйгээр цусны даралт ихэсдэг. Тэгэхээр эдгээр суурь өвчин эмгэгүүдийг эмчилсэн тохиолдолд даралт ихсэх  нь хэвийн болдог.

2. Хүний биеийн хэвийн даралт нь хэд байх ёстой вэ? Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ?

Хүний биеийн хэвийн цусны даралт нь наснаас хамаардаг. Өөрөөр хэлбэл залуу насанд 130/80-аас доош байхыг хэвийн гэж үзэх бол, 65-аас дээш насныханд 140/90 –ээс доош байх ёстой.

Цусны даралтыг хүн бүр гэртээ зөв үзэж сурах хэрэгтэй. Орчин үед электрон аппарат гарсантай холбоотойгоор гэрийн нөхцөлд даралтыг энгийн хялбар аргаар хэмжих боломжтой болсон. Хэрвээ гэрийн нөхцөлд цусны даралтаа хэмжихэд өндөр гарвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Даралтыг үзэхдээ дараах зарчмуудыг баримтлана. Үүнд:

  1. Хатуу сандал дээр хөлөө тавхайгаараа газар бүрэн тавиад хамгийн багадаа 5-10 мин тайван байсныхаа дараа /Зураг харах/
  2. Даралтыг үзэхдээ давсгаа бүрэн суллах хэрэгтэй бөгөөд хоол идэх, тамхи татах зэрэг үйлдлээс 30 минутын дараа
  3. Даралтын үзэх үед хэн нэгэнтэй юм ярихгүй, даралт үзэж байгаа гарыг хөдөлгөхгүй, гарын сарвууг атгалгүй суллах хэрэгтэй
  4. Бугуйн манжеттай даралтны аппарат хэрэглэж байх үед бугуйн зурааснаас 1,5-2 см зайтайгаар шуу хэсэгт манжетаа байрлууна. Харин бугалган дээр манжет байрлуулсан тохиолдолд тохойн дотор талын зурааснаас 1,5-2 см зайд манжетийг байрлуулна. Энэ үед гараа тохойгоор нь ширээн дээр байрлуулах бөгөөд шууны манжеттай аппаратаар үзэж байгаа үед зүрхтэй нэг түвшинд байрлуулах нь зохистой.
  5. Гар тавих хатуу гадаргуутай ширээ байхгүй тохиолдолд нөгөө гараараа тохойноос сойж элгээ тэврэх байдалтайгаар гараа байрлуулж даралтыг хэмжинэ.

3. Даралт ихсэх үед ямар шинж илэрдэг вэ? Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

Даралт ихсэх үед илэрдэг шинж тэмдэгийн талаар манай иргэд маш сайн мэддэг. Сануулж хэлбэл:

  • Ар дагзаар хөших, чилэх
  • Нүдний ухархай руу хатгуулах, нүд аргах, хараа бүрэлзэх
  • Нүүр лүү халуун оргих, толгой манарах, дүүнгэтэх
  • Дотор давчдах, бачимдах зэрэг шинжүүд хамгийн элбэг илэрдэг.

Гэвч эдгээр шинжүүд нь өөр шалтгаан буюу ажлын нөхцөл, амьдралын хэмнэлээс үүдэлтэйгээр даралт хэвийн байх үед илэрч болдог. Жишээ нь : Та суугаа ажил хийдгээс шалтгаалан хүзүү, дал мөрөөр хөших, толгой манарах зэрэг зовиур илэрч болно, мөн компьютер дээр хэт ажилласнаас үүдэн хараа бүрэлзэх, нүд аргах шинж гарч болно. Тэгэхээр зөвхөн шинж тэмдэг дээр тулгуурлан даралт ихэссэн гэж үзэн даралтны эм уух нь зохисгүй юм.

4. Цусны даралт ихсэх өвчний хүндрэл юу байдаг вэ? Даралт ихсэлтийг тоохгүй байвал биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

Цусны даралт ихэссэн тохиолдолд эмчийн хяналтанд орж шалтгаанаа тодруулан эмчилгээг хийх хэрэгтэй. Ихэнхи хүмүүс эмээ ууж байгаа даралт хэвийн боллоо гээд эмээ дур мэдэн орхих, болих тохиолдолд цөөнгүй байдаг. Гэтэл энэ үед даралт эргээд ихсэж хүний биеийн эд, эрхтнийг гэмтээдэг. Тэгвэл даралт ихсэлтээс шалтгаалан 4 бай эрхтэн гэмтдэг.

Зүрх: Зүрхний булчин зузаарах, зүрхний цусан хангамжийн дутагдал, зүрхний архаг дутагдал үүсэх улмаар зүрхээр өвдөх, давчдаж бачимдах, зүүн гар, дал мөр өвдөх, хавагнах гэх мэт зовиурууд гарч ирдэг. Мөн амь насанд халтай шигдээс үүсэхэд ч нөлөөлдөг байна.

Тархи: Тархины цусан хангамж муудах шалтгаан болдог бөгөөд энэ үед толгой өвдөх, анхаарал төвлөрөлт муудах, юм амархан мартах, толгой эргэх, чих шуугих зэрэг зовиур илэрдэг. Цусны даралт ихсэх эмгэгийг тоохгүй байснаар маш аюултай өвчин болох тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй байдаг.

Нүд: Нүдний торлогт цус харвах, нүдний цусан хангамжинд сөргөөр нөлөөлөх зэрэг өөрчлөлтүүд гарч улмаар хараа муудах, нүд бүрэлзэх, шөнийн харалган болох зэрэг шинжүүд илэрдэг.

Бөөр: Бөөрний үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг.

5. Даралтны эмийг хэрхэн зөв, зохистой хэрэглэх вэ?

Даралтны эмийг тогтмол цагт ууж хэвших хэрэгтэй. Ялангуяа анхдагч цусны даралт ихсэх эмгэгийн үед эмийг өдөр бүр тогтмол ихэнхи тохиолдолд насан туршдаа хэрэглэнэ. Харин хоёрдогч даралт ихсэх эмгэгийн үед өвчний шалтгааныг тодруулж бүрэн эмчилтэл даралтны эмийг ууна.

Даралтны эмийг эмчийн заавраар 3-5 хоног ууж тухайн даралтны эм танд таарч байгаа эсэхийг гэртээ даралт үзэн эмчдээ хянуулна. Хэрэв эмийн бэлдмэл таны даралтыг тогтворжуулж байвал эмийг үргэлжлүүлэн уух бөгөөд үргэлжлэх болон эргэж хянуулах хугацааг эмч товлоно.

Ер нь даралтны эмийг оройн цагаар уух нь илүү тохиромжтой байдаг. Учир нь өглөөгүүр хүний бие махбодид даралт ихэсгэх тогтолцоонууд огтлолцдог бөгөөд энэ үед харвалт, шигдээс бүүсэх байдал илүү элбэг гардаг. Иймд даралтны эмийг болон цус шингэлэх эмийн оройн цагаар уух нь илүү тохиромжтой.

Харин нойргүй хоносон, ажил дээрээ стресс ихтэй гэх мэт амьдралын хэвшилтэй холбоотойгоор даралт ихэссэн тохиолдолд зөвхөн тухайн үед нь эмийн бэлдмэл хэрэглэж болно. Мөн мэдээж сайн унтаж амрах, стрессее тайлж сурах, жингийн илүүдлээ арилгах, идэвхитэй дасгал хөдөлгөөн зэрэг амьдралын зөв дадал, хэвшилд суралцах нь чухал байдаг.

6. Даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

Амьдралын зөв хэвшилтэй, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг маань 7 хоногт 5 удаа 30 минутаар эсвэл 7 хоногт 3 удаа 45-50 минутаар хөлсөө гаргасан дасгал хөдөлгөөн хийх нь идэвхтэй дасгал хөдөлгөөнд ордог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүн өдөрт 10 000 алхах нь өдөрт хийх идэвхтэй дасгал хөдөлгөөнд ордог. Гэхдээ тааваараа алхах бус яг л дасгалын журмаар хөлсөө гаргаж түргэн түргэн алхах нь зөв байдаг. Идэвхитэй дасгал хөдөлгөөний дүнд хүний биед сайн өөх тос үүсч даралт ихсэхэд маш их нөлөөлдөг судасны хатуурлыг бууруулдаг юм.

Мөн энд зөв хооллолт маш чухал. Улирлын хамааралтай хоол идэх, тухайлбал, хүйтэн сэрүүний нөхцөлд уураг, амин дэмээр баялаг хоол идэх бол, дулааны улиралд шингэнийхээ хэрэглээг нэмэгдүүлэн хөнгөн чанарын хоол идэх нь зохистой. Амьтны гаралтай өөх тосыг тохируулж идэх, мөн давсны хэрэглээг хоногт 5 гр-аас хэтрүүлэхгүй байх нь чухал байдаг.

Стрессээ тайлж сурах нь даралт ихсэхээс сэргийлдэг. Учир нь стресст удаан хугацаагаар өртсөнөөс хүний биед кортизол гэдэг дааврын хэмжээ нэмэгдэн цусны даралт ихсэх нөхцөл бүрддэг. Иймд хэт ажиллаж чадсан шигээ амарч бас сурах хэрэгтэй. Амралтын хувьд бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст уул хадаар явах, спортоор хичээллэх зэрэг нь зохистой амралт болдог бол биеийн хүчний ажил хийдэг хүмүүст ном унших, найз нөхдөөрөө амар тайван орчин ярилцаж суух зэрэг нь маш сайхан амралт болдог.

Дээрхээс гадна жингийн илүүдэл нь даралт ихсэхэд нөлөөлдөг. Биеийн ерөнхий жин их байхаас гадна сүүлийн үед суугаа ажилтай холбоотойгоор хэвлийн буюу төвийн таргалалттай хүмүүс ихсэж байна. Эмэгтэй хүнд бүсэлхийн тойрог 80 см, эрэгтэй хүнд 90 см-ээс илүү байвал төвийн таргалалттай байна гэж үзэх бөгөөд зүрх судасны өвчин, тэр дундаа даралт ихсэх эмгэг үүсэх эрсдэлтэй гэж үзнэ.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга бол  амьдралын эрүүл хэв маяг баримтлах юм.