Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.
Pcr/пгу шинжилгээний давуу тал:
ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:
- Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтай
- Өндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)
- Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)
- Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэх
- Нянгийн нууц халдварыг илрүүлэх
- Нэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх
- Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм.