card

ЭМЭГТЭЙ ҮРГҮЙДЭЛ

Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо хэвийн бөгөөд эмэгтэйн шинжилгээнүүд өөрчлөлттэй гарсан, өөрчлөлтүүд нь 1 жил эсвэл түүнээс дээш хугацаагаар жирэмслээгүй тохиолдолтой хавсарч байхыг эмэгтэй үргүйдэл гэж үзнэ.

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮРГҮЙДЭЛД НАС ШУУД ХАМААРАЛТАЙ БА 20-24 НАСАНД ҮР ТОГТООХ ЧАДВАР ХАМГИЙН ӨНДӨР БАЙДАГ БА 30-32 НАСНААС ЖИЛ БҮР БУУРЧ БАЙДАГ.


1. УМАЙН ГАРАЛТАЙ ҮРГҮЙДЭЛ

Умайн гаралтай үргүйдэл эмэгтэй үргүйдлийн дотор 5-10%-г эзэлдэг ба үргүйдэл болон зуршмал зулбаанд хүргэж болох дараах шалтгаанууд байдаг. Үүнд:

  • Умайн хоргүй хавдар (миома): Умайн булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаа нь хэмжээ, байршил болон тооноос хамаарч үргүйдлийн шалтгаан болох нь бий.  Умайн хөндийд байрлалтай эсвэл умайн салст давхарга /үр хөврөл бэхлэгдэх хамгийн дотор талын давхарга/ руу түрж байрласан хавдрын зангилаа нь хэмжээнээс үл хамааран шууд үргүйдлийн шалтгаан болж болно. Харин умайн булчинд болонд гадагш  түрсэн байрлалтай  хавдрын үед хэмжээ том байх, тооны хувьд олон байх нь  үргүйдлийн шалтгаан болохоос гадна жирэмсэн болсон үед зулбаанд хүргэх эрсдэлтэй.
  • Умайн төрөлхийн гаж хөгжил: Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэний үүсэл хөгжил үр хөврөлийн 4 долоо хоногтойгоос эхлэн 11 долоо хоног хүртэлх хугацаанд явагддаг. Энэ хугацаанд аливаа хүчин хүчин зүйлсийн үйлчлэлээр хөгжлийн гажиг үүсч болох ба нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 3,2% тохиолдоно. Зонхилон тохиолдох гаж хөгжил нь салаа умай, умайн таславч, нэг эвэртэй умай бөгөөд аль ч хэлбэрийн үед эмэгтэй үргүйдэлтэй байх, зуршмал зулбах эрсдэл өндөр.
  • Умайн салстын наалдац буюу Ашерманы хамшинж: Үр хөндөлт, умайн хөндийг цэвэрлүүлэх зэрэг төрөл бүрийн ажилбарын үед үүсдэг биений юмгүйдэл, үргүйдэлд хүргэдэг хүндрэл бол умайн салстын наалдац юм. Энэхүү эмгэгийн үед умайн хөндийг дурандаж, наалдцын хүнд хөнгөний зэргийг тогтоох, наалдцыг салгах арга хэмжээ авдаг.
  • Аденомиоз (эндометриоз): умайн дотор талын салст давхарга өөр газар байрлах эмгэг.

2. НААЛДЦЫН ГАРАЛТАЙ ҮРГҮЙДЭЛ

  • Эмэгтэйн аарцгийн эрхтэний тэр дундаа 2 талын үрийн хоолойн наалдцын гаралтай үргүйдэл монгол эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байна. Аарцгийн хөндийд наалдац үүсэх шалтгаанууд:
  • Хэвлийн хөндийн нээлттэй мэс засал: Мухар олгой, өндгөвчний уйланхай (киста), умайн хавдар (миома), умайн гадуурхи жирэмслэлт зэрэг өвчний үед хийгдэж буй нээлттэй мэс заслын үед аарцгийн хөндийд наалдац үүсэх нь элбэг байдаг.
  • Бэлгийн замын халдварт өвчин: Хламид, заг хүйтэн, микоплазм, уреаплазм зэрэг бэлгийн замын халдварт өвчний үед үрийн хоолойн гэмтэц, наалдац үүсэх, үүнээс үүдэлтэй умайн гадуурх жирэмслэлт явагдах, цаашилбал үргүйдэлд хүргэх эрсдэлтэй.
  • Хүсээгүй жирэмслэлтийн улмаас үр хөндүүлэх, зулбаа өсөлтгүй жирэмслэлтийн улмаас цэвэрлүүлэх зэрэг умайн хөндийд хийгдэж буй мэс ажилбарууд нь үрийн хоолойн уг хэсэг болох умайгаас гарах хэсэгт наалдац үүсгэх гол шалтгаан болдог.
  • Үрийн хоолойн наалдцыг хүндрүүлэх улмаар үрийн хоолойд ус хуримтлагдахад хүргэдэг гол шалтгаан “Үрийн хоолой сэтгүүрдэх” эмчилгээ юм. Энэхүү эмчилгээг дэлхийн бусад хөгжилтэй орнуудад хэдийнээ хэрэглэхээ больсон боловч харамсалтай нь манай оронд хийгдсээр байна. Тус эмчилгээний үед антибиотектой физиологийн уусмалыг үтрээгээр дамжуулан умайн хөндий рүү шахдаг бөгөөд гол зорилго нь даралттай уусмалаар үрийн хоолойн наалдацыг салгах юм. Гэвч энэ эмчилгээ ямар ч үр дүнгүйн дээр шахсан уусмал үрийн хоолойд хуримтлагдаж гидросальпингит буюу усжсан үрийн хоолойн үрэвслийг үүсгэдэг байна.
  • Бага аарцгийн хөндийд наалдац үүсгэдэг өвчнүүдийн нэг нь “Эндометриоз” юм.

3. ЭНДОМЕТРИОЗ

Эндометриоз нв эмэгтэйчүүдийн өвчнүүдийн дотор өргөн тархалттай тохиолддог даавар хамааралт, үрэвслийн бус өвчин юм. 

Умайн хамгийн дотор давхарга болох эндометр умайгаас өөр газар шилжин байршихыг эндометриоз гэдэг. Эндометр төст эдүүд нь өндгөвч, үрийн хоолой, умайн холбоос, хэвлийн дотор хана, давсаг, гэдэс, сэмж гэх мэт эд, эрхтэнүүдэд байршиж, сарын тэмдэг ирэх мөчлөг бүрт мөн адил ховхрон цус шүүрүүлж, тухайн хэсэг газартаа наалдац үүсгэж эхэлдэг. Иймээс эндометриоз нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн томоохон шалтгаан болдог юм.

  • Шалтгаан: Одоогоор энэхүү эмгэгийн шалтгаан, эмгэг жамыг бүрэн тогтоогоогүй хэдий ч хамгийн боломжит онол нь сарын тэмдэг ирэх үед цус эндометрийн эсүүдтэй хамт умайн хөндийгөөс үрийн хоолойгоор дамжин хэвлийн хөндийд хаягдаж байна гэсэн таамаглал юм. Мөн үүнээс гадна дархлалын, дааврын, мэс заслын, генетикийн гэх мэт олон оно, таамаглалууд бий.
  • Шинж тэмдэг: Эндометриозын үед илрэх гол шинж тэмдэг нь сарын тэмдгийн үеийн өвдөлт болон үргүйдэл юм. Ихэвчлэн сарын тэмдэг ирэхээс 1-2 өдрийн өмнөөс эхэлж, ирсэн эхний хоногуудад намдах, сарын тэмдэг ирэхээс өмнө болон дараа нь хүрэн шоколад мэт өнгөтэй  ялгадас гарах, зарим үед сарын тэмдэгийн мөчлөг алдагдах гэх мэт шинжүүд илэрнэ. Хөнгөн хэлбэрийн үед огт зовиургүй байж ч болно. Судалгаанаас үзэхэд эндометриозтой эмэгтэйчүүдийн 50-60%-д үргүйдэл дагалддаг байна.
  • Хэрхэн оношлуулах вэ? Эндометр төст эдүүд өндгөвчинд байршсан тохиолдолд ихэвчлэн уйланхай үүсгэдэг тул хэт авиан шинжилгээгээр оношлогддог.  Мөн умайн булчинт давхаргад байршсан үед аденомиоз хэмээх эмгэгийг үүсгэдэг бөгөөд энэ хэлбэрийн үед хэт авиа болон тодосгогч бодистой рентген зураг авхуулж онош тодруулна. Харин бусад байршилтай үед хэт авиа болон рентгенд харагдах боломжгүй байдаг тул онош тодорхойлох үндсэн арга нь хэвлийн дурангийн мэс засал болдог.
  • Эмчилгээ: Эндометриозын эмчилгээ нь дааврын болон мэс заслын эмчилгээ гэсэн 2 хэлбэртэй. Өвчний хүнд хөнгөний зэрэг болон байршлаас хамаарахгүйгээр эхлээд дурангийн мэс заслын эмчилгээ хийж голомтуудыг арилгах, дараа нь эргэж үүсэхээс сэргийлэх зорилгоор дааврын эмчилгээ хийх нь үр дүн сайтай хамгийн зөв эмчилгээ болдог. Учир нь эндометриозын голомтуудыг мэс заслаар авалгүйгээр зөвхөн визанне гэх мэт эмүүдийг дангаар хэрэглэн цаг алдах, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй тохиолддог. Мөн мэс заслын эмчилгээ хийлгэхдээ дурангийн мэс заслыг сонгох нь өвчин дахихаас болон наалдац үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг анхаарах нь зүйтэй. 

Бусад үйл ажиллагаа