Өндгөвчний киста гэж юу вэ?
Өндгөвч нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн системийн үндсэн хэсэг бөгөөд умайн 2 талд байрладаг, шош хэлбэртэй эрхтэн юм.
Өндгөвч нь 2 үндсэн үүрэгтэй:
• Биений юмны мөчлөгийн дунд үед сард нэг удаа өндгөн эс ялгаруулах
• Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд чухал үүрэг гүйцэтгэдэг эстроген, прогестерон дааврыг ялгаруулах
Киста гэдэг нь шингэн агуулсан уутанцар юм. Энэхүү уутанцар нь бие махбодийн хаана ч үүсэж болох ба Өндгөвчинд үүссэнийг өндгөвчний киста буюу өндгөвчний уйланхай гэж нэрлэдэг.
Өндгөвчний кистаны төрөл ?
Өндгөвчний киста нь олон төрөл байдаг. Зонхилон тохиолддог хэд хэдэн төрлийн кистаны талаар товч дурьдья.
Үйл ажиллагааны уйланхай : Биений юмны мөчлөгтэй хамааралтайгаар өндгөвчинд үүсэж буй болдог уйланхайг үйл ажиллагааны буюу өөрөөр физиологийн гэж нэрлэдэг.
Фолликулын уйланхай: Өндгөн эс нь фолликул хэмээх жижигхэн уутанцарт хөгждөг ба биений юмны мөчлөгийн дунд үед нэг фолликул нь давамгайлан томордог, уг давамгайлагч фолликул хагарсанаар өндгөн эс чөлөөлөгддөг.Харин давамгайлагч фолликул хагараагүйгээс, давамгайлагч биш фолликул эргэн шимэгдээгүйгээс дээрхи уйланхай үүснэ.Уг уйланхай нь 10 см хүртэл томорч болно, өөрөө хагарч эргэн шимэгдэж болно, өндгөвчийн бүх уйланхайн 83%-ийг эзэлдэг.
Шар биеийн уйланхай : Өндгөн эс гадагшилсны дараа фолликулын хөндийд цусны эргэлтийн алдагдалтай холбоотой цус, ийлдэслэг шингэн хуримтлагдахыг хэлэх бөгөөд өндгөвчийн бүх уйланхайлаг үүсгэвэрийн 5%-ийг эзэлдэг.Шар биеийн уйланхай дотуур цус алдалтанд хүргэх нь цөөнгүй тохиолддог.
Эмгэг уйланхай:
Эндометриозын уйланхай: Эндометриома гэж нэрлэдэг бөгөөд умайн салст төст эдүүд өндгөвчин дээр байрлан өтгөн бор шоколадан агууламж бүхий уйланхайг үүсгэдэг.Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 4 том шалтгааны нэг бөгөөд өндгөвчний эзэлхүүнт үүсгэвэрийн улмаас хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн 11,3%-д тохиолддог.
Дермойд уйланхай: Үр хөврөлийн гаралтай хоргүй хавдар юм. Энэ төрлийн уйланхай нь арьс, шүд, өөхөн хэсэг, үс ба мэдрэлийн эд бүхий агуудамжтай байдаг.
Цистаденома: Өндгөвчний хучуур эсийн хоргүй хавдар бөгөөд эдгээр нь өндгөвчний хоргүй хавдрын 1/3-ийг эзэлнэ.
Өндгөвчний хорт хавдар: Дааврын гаралтай хавдрын нэг хэлбэр. Өндгөвчний хорт хавдрын 5-10% нь удамшдаг. Эрт оношлосноос шалтгаалан эмчилгээний үр дүн хамаарна.
Өндгөвчний олон уйланхайжих хам шинж:
• Архаг явцтай өндгөн эс гадагшлахгүйн улмаас биений юмны алдагдал ба үргүйдэл
• Эр бэлгийн дааврын илүүдлээс: үсжилт, батгашилт зэрэг шинжүүд илэрдэг
• Олон уйланхайт өндгөвчний эхо шинжээр илэрдэг эмгэг.
Өндгөвчний киста өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Өндгөвчний киста нь ихэвчлэн шинж тэмдэг өгдөггүй, ямар төрлийн кистанаас хамаарч өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Хэмжээ томорсон үед нийтлэг илрэх шинжүүдэд:
• Аарцгийн гүнд тодорхой байршилгүй, байнгын хүчтэй бус өвдөлт
• Биений юмны мөчлөг алдагдах
• Хэвлийн доогуур дүүрсэн мэт мэдрэмж төрөх, үүсгэвэр аль нэг талд мэдрэгдэж болно.
• Ууц нуруу чилэх
• Шээс ойр ойрхон хүрэх
• Биений юм өвдөлттэй ирэх, шоколадан бор юм гарах, бэлгийн харьцааны үед өвдөх нь эндометриозын уйланхайн шинж.
• Биений юмны алдагдал, хэвийн биш үсжилт, батгашилт зэрэг нь өндгөвчний олон уйланхайжих хам шинжийн үед илэрдэг.
Өндгөвчний уйланхай хөл дээрээ мушгирах, уйланхайн хананд цус харвалт үүсэх , уйланхай хагарах зэрэг хүндрэлийн үед цус алдах, хүчтэй өвдөлт өгөн амь насанд аюултай, яаралтай тусламж шаардагдах байдалд хүргэдэг.
Өндгөвчний кистаг хэрхэн оношилдог вэ?
• Үзлэг: Дээр хэлсэнчлэн шинж тэмдэггүй байдлаар ихэнхдээ явагддаг учир Эмэгтэйчүүдийн эмчид хандан тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдсанаар кистаг эрт оношлуулж, шаардлагатай эмчилгээг хийлгэх боломжтой.
• ЭХО: уйланхайн бүтэц, хэмжээ , хэлбэр , байрлал, агууламж зэргийг үнэлэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд Компьютер томографи ,Соронзон резонанст томографи шинжилгээнд явуулдаг. Биений юм ирсэн эхний өдрөөс 5 хоног дотор эход харуулбал оношлогооны ач холбогдолтой байдаг.
- Цусанд СА125 өндгөвчний хавдрын маркер тодорхойлох
- Дааврын шинжилгээ
- Кульдоцентез: эхо хяналтан дор арын хүнхрээгээр хатгалт хийн уйланхайн шингэнийг соруулж авч шингэнийг эсийн шинжилгээнд явуулж онош тодруулах
- Оношлогооны дурангийн мэс засал хийж эдийн шинжилгээр оношийг батлах
Өндгөвчний кистаг хэрхэн эмчлэх вэ?
Эмчилгээ нь өндгөвчний уйланхайн төрөл, хэмжээ зэргээс шалтгаалан ялгаатай байдаг.
Эмийн эмчилгээ:
Үйл ажиллагааны гаралтай уйланхайг хэмжээнээс шалтгаалан 3-4 мөчлөгийн хугацаанд ажиглах, хянах эсвэл эмийн эмчилгээ буюу дааврын бэлдмэл, физик эмчилгээ хийхэд эмчлэгдэх боломжтой харин 6 сар хүртэлх хугацаанд шимэгдэхгүй 10 см-ээс дээш томорч, зовиур илэрвэл мэс заслын заалт болдог.
Мэс засал эмчилгээ:
Эндометриозын кистаны хэмжээ, жирэмсэх хүсэл, бага аарцгийн өвдөлт зэргээс шалтгаалан эмчилгээний хувилбар өөр өөр байдаг хэдий ч дээрх төрлийн киста нь ихэвчлэн үргүйдэлтэй хавсардаг, бага аарцгийн эрхтэний наалдац үүсгэдэг архаг дахилтат эмгэг учир дурангийн мэс заслаар кистаг авч наалдац салгах хагалгаа хийгддэг.
Дермойд киста хурдан томрох, өндгөвчний эдийг гэмтээх , өндгөвчний нөөцийг бууруулах зэрэг эрсдэлтэй учир мэс засалд орж кистаг авахуулах шаардлагатай.
Өндгөвчний олон уйланхайжих хам шинж
Эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа тохиолдолд дурангийн мэс заслаар өндгөвчийг цоолох буюу дриллинг хийгддэг.
Өндгөвчний кистаг дурангийн хагалгаагаар авахуулахын давуу тал?
Дурангийн мэс засал хэвлийн нээлттэй мэс засалтай харьцуулахад олон давуу талтай юм. Мэс заслын эдгэрэлт түргэн, хагалгааны дараах өвдөлт зовиур бага, мэс заслын дараах наалдац бага үүсгэдэг, өндгөвчний эдийг бага гэмтээдэг, цус алдалт бага, эмнэлэгийн ор хоног цөөн, жижиг зүслэг нь гоо зүйн ач холбогдолтой. Мэс заслын явцыг дэлгэцэн дээр харж хянаж хийдэг бөгөөд мэс заслын явцад зураг авах болон бичлэг хийх боломжтой.
Эмэгтэйчүүдийн дундах өндгөвчний кистаны талаархи буруу ойлголт юу вэ?
Дийлэнх эмэгтэйчүүд ихэвчлэн кистатай гэж оношлогдож байсан тэр нь томорсон болов уу гэсэн айдастай ирдэг эсвэл Том хэмжээтэй эмгэг уйланхайг эмийн эмчилгээнд эмчлэгдэнэ гэж өндөр үнэтэй, урт хугацааны үр дүнгүй эм тариа хийлгэн цаг хугацаа алдан, өвчнийг улам хүндрүүлэн ирэх нь элбэг байдаг…
Эмэгтэйчүүдийн дунд тохиолддог өндгөвчний уйланхайн 80 орчим хувь нь үйл ажиллагааны гаралтай , 3-4 мөчлөгийн хугацаанд ихэвчлэн ямар нэгэн эмчилгээ шаардагдахгүй шимэгдэх боломжтой уйланхай байдаг.
Гэвч эмгэг уйланхайнууд цөөнгүй тохиолдоно. Танд дээр дурьдсан шинж тэмдгүүд ялангуяа биений юмны мөчлөгтэй холбоотой өвдөлт, үргүйдэл, биений юмны алдагдал байгаа бол та цаг алдалгүй эмчид хандан , тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Тухайн өндгөвчний уйланхайн хэлбэрээс шалтгаалан тохирсон эмчилгээг хийлгээгүй эсвэл буруу эмчлэгдсэн тохиолдолд өндгөвчний нөөц буурах цаашлаад өндгөвчийг мэс заслаар авах хүртэл хүндрэл гарч болох юм.