Юнимед Интернейшнл эмнэлэг нь Монгол улсад хамгийн анх ВИТАМИН-Д шинжилгээг нэвтрүүлэн хийж эхэлсэн төдийгүй (DEQAS) Vitamin D External Quality Assessment Scheme-сертификатаар шинжилгээний хариугаа баталгаажуулсан анхны лаборатори бүхий эмнэлэг юм.
Бид эмнэлэгтээ 2016 оноос Витамин Д-гийн оношилгоо, эмчилгээ, судалгааны төвийг нээж бүх насны хүний витамин Д-ийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд,дархлаа чадамж буурах, хорт хавдар үүсэх болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. Бид зөвхөн бага насны хүүхдэд Д-гийн дутагдлаас шалтгаалж рахит буюу сульдаа өвчин үүсдэг гэдгийг маш сайн мэддэг боловч насанд хүрсэн хүнд ямар аюултай болохыг мэддэггүй!
Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:
- Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д нийлэгжих замаар,
- Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
- Эмийн бэлдмэлээр буюу гаднаас авах. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар авна.
Та шинжилгээ өгснөөр Д витамины дутагдалтай, хэвийн, илүүдэлтэй гэдгээ тогтоох боломжтой юм. Уг шинжилгээг цуснаас авдаг бөгөөд шинжилгээний хариу ердөө 2 цагийн дотор гардаг байна. Үнийн хувьд хүүхэд том хүн ялгаагүй 35,000 төгрөгийн төлбөртэй. Уг шинжилгээг өгсний дараа мэргэжлийн эмч Д витаминыг хэдий хэр хугацаанд, ямар тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Дэлхий нийтэд хүний биед байгаа витамин Д-гийн хэмжээг дараах 4 түвшинд хуваасан байдаг.
- Дутагдалтай <10ng/ml
- Хангалтгүй 10-30ng/ml
- Хангалттай 30-100ng/ml
- Хордуулах хэмжээнд >100ng/ml
Манай орны хувьд нарнаас Д витамин авах хугацаа богино, агаар бохирдол ихтэй учир 50 болон түүнээс дээш хэмжээнд очиж байж хэвийн гэж хэлж болох хэмжээнд гэж үздэг байна.
Юм бүхэн хэмжээ хязгаартай гэдэг. Тэгвэл Д витамины илүүдэл нь дутагдалтайгаа яг ижилхэн шинж тэмдгээр илэрдэг байна. Тиймээс эмчийн хяналтгүй, дураараа ууж хэрэглэхээс зайлс хийнэ үү!
Манай эмнэлгийн лабораторид 2012-2015 оны хооронд нийт 6,879 хүн Д витамины шинжилгээнд хамрагдсан бөгөөд эмч нарын хийсэн дүн шинжилгээгээр :
- 82% буюу 5,642 хүн нь дутагдалтай
- 16% буюу 1,100 хүн хэвийн
- 2% буюу 137 хүн илүүдэлтэй байв.
Уг судалгаанд хамрагдан Д аминдэмийн хэмжээ нь хэвийн гэж тодорхойлогдсон 1,100 хүн нь 0-3 насны хүүхдүүд байж. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгээс болон эцэг эхчүүд хувиараа Д аминдэм авч уулгасан бага насны хүүхдүүд.
Илүүдэлтэй гэж оношлогдсон 137 нь мөн л бага насныхан. Эдгээр хүүхдүүдийн ээжүүд эмчийн зөвлөгөөгүйгээр Д витаминыг хяналтгүй уулгаж байсан аж.
Харин дутагдалтай гэж оношлогдсон 5,642 нь насанд хүрэгсэд байна.