Манай эмэгэтэйчүүдийн дунд орчин үеийн аргаас илүү уламжлалт аргыг түлхүү хэрэглэх юмуу жирэмслэх төлөвлөгөөгүй боловч жирэмслэлтээс огт хамгаалахгүй байх тохиолдол их байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт их байна. Тиймээс та бүхэн хамгаалах өндөр үр дүнтэй дараах аргуудаас өөртөө тохирохыг сонгон хэрэглээрэй. Аль арга өөрт нь сайн тохирох тал дээр эргэлзэж байвал эмэгтэйчүүдийн эмчдээ хандан зөвлөгөө аваарай.

ДААВРЫН ХАВСАРСАН ЭМ

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм нь эмэгтэй хүний бэлгийн даавар болох эстроген, прогестероныг маш бага тунгаар агуулсан гахмал бэлдмэл юм. ДХЭ нь 28 буюу 21 ширхэгтэй гэсэн 2 төрөл байдаг ба 28 ширхэгтэй эмийн 21 нь идэвхтэй үлдсэн 7 нь цус багадалтаас сэргийлэх төмрийн бэлдмэл байна.

Үйлчлэх механизм:

  • Өндгөвчний өндгөн эс боловсролтыг саатуулах
  • Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэх боломжийг багасгана.

Үр дүн:

Эмийг зааврын дагуу ууж хэрэглэхэд хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаална.

Давуу тал:

  • Өсвөр наснаас цэвэрших үе хүртэл бүх насны эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой.
  • Сарын тэмдэгийн мөчлөгийг тогтворжуулж, өвдөлтийг багасгана.
  • Эмийг хэрэглэхээ зогсоосон даруйд жирэмслэх үр тогтох чадвар богино хугацаанд сэргэнэ.
  • Өсвөр насны охидод сарын тэмдэгийг тогтворжуулж, батгашилтыг бууруулна.
  • Умайн салстын, өндгөвч, хөхний хавдраас сэргийлнэ.

Сул тал:

  • БЗХӨ, ХДХВ/ДОХ-с хамгаалж чадахгүй
  • Үр дүн нь зөв, марталгүй уухаас хамаарна.
  • Хэрэглэж эхэлсэн эхний 2-3 сард толгой өвдөх, хөх хөндүүрлэх, жин нэмэгдэх, дотор муухайрах, сарын тэмдэгийн хооронд бага хэмжээний цусархаг зүйл гарах шинж тэмдэгүүд илэрч болно. Гэхдээ эдгээр нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг биш бөгөөд эмээ үргэлжлүүлэн хэрэглэхэд хэвийн байдалд орно.
  • Цусны бүлэгнэлтийг нэмэгдүүлдэг

Ямар эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой вэ?

  • Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг
  • Сарын тэмдэг тогтворгүй, их хэмжээгээр, удааан хугацаагаар ирдэг
  • Жирэмслэлтээс найдвартай хамгаалах түр хугацааны арга хэрэглэхийг хүссэн
  • Умайн хүзүүний шархлаа болон улайлттай эмэгтэйчүүдэд тохиромжтой.

Ямар эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй вэ?

  • Жирэмсэн ба хөхүүл
  • Артерын даралт ихсэх эмгэгтэй
  • Хөхний хорт хавдар оношлогдсон
  • Өмнө нь тархинд цус харваж байсан
  • Элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай
  • Сүрьеэгийн эм хэрэглэж байсан
  • Тромбофлебит, цус бүлэгнэлтийн эмгэгтэй
  • Өдөрт 20-с дээш ширхэг тамхи татдаг 35-с дээш насны эмэгтэйчүүд

ДХЭ-г хэрхэн хэрэглэх вэ?

  • 28 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн 5 дахь өдрөөс эхлэн өдөр бүр 1 шахмалыг тогтмол цагт уух ба ууж дуусаад шууд дараагийн мөчлөгийн эмийг үргэлжлүүлэн ууна. Сарын тэмдэг ирсэн эхний өдрийг нэг гэж тооцно.
  • 21 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн эхний өдрөөс эхлэн тогтмол нэг цагт өдөр бүр нэг шахмал уух ба 21 хоног уугаад 7 хоног засварлаж 8 дахь хоногоос дараагийн мөчлөгийн эмийг ууж эхэлнэ.

Эмээ уухаа мартвал яах вэ?

  • Хэрэв та 1 шахмал уухаа мартвал санасан даруйдаа 1 шахмал ууж цааш хуваарийн дагуу ууна.
  • 2 ба түүнээс дээш шахмл уухаа мартсан бол санасан даруйдаа нэгийг ууж цааш хуваарийн дагуу уух ба хавсран жирэмслэлтээс хамгаалах өөр арга хэрэглэнэ /бэлгэвч, тос, лаа гэх мэт/.

СУУЛГАЦ

Суулгац гэж юу вэ?

Норплант нь өндгөвчнөөс ялгардаг прогестерон дааврыг агуулсан шүдэнзний модны хэмжээтэй силикон суулгаж юм. Суулгацыг эмэгтэй бугалганы арьсан доор мэргэжлийн эмч суулгаж байрлуулах бөгөөд шар биеийн даавар аажмаар цусанд ялгаран орно. Шар биеийн даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг дарангуйлж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг юм.

Үйлчлэх хугацаа:

  • Суулгацын төрлөөс хамааран 3-7 жил жирэмслэхээс хамгаална.
  • Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.

Давуу тал:

  • Аюулгүй
  • Өндөр үр дүнтэй
  • Удаан хугацааны үйлчилгээтэй
  • Бэлгийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй
  • Суулгацыг авсны дараа жирэмслэлт хурдан сэргэнэ
  • Биений юмны аль ч үед тавиулж болно.

Дутагдалтай тал:

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед давхар бэлгэвч хэрэглэх шаардлагатай.

Гаж нөлөө ба хүндрэл:

  • Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох (цусархаг ялгадас бага хэмжээгээр хэдэн сараар үргэлжлэх эсвэл биений юмны хооронд цус гарах)
  • Биений юм саатах (энэ нь зарим эмэгтэчүүдэд ашигтай)
  • Эхний хэдэн сард толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинжүүд илрэх (эмчилгээ шаардахгүйгээр аяндаа зүгээр болно.)
  • Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй.

Хэзээ хэрэглэж болох вэ?

  • Жирэмсэн биш гэдэг нь баталгаатай
  • Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа тавиулж болно
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавиулна.

Ямар эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой сонголт вэ?

  • Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
  • Хөхүүл эхчүүдэд хамгийн тохиромжтой сонголт байдаг.
  • 35-аас дээш насны, тамхи татдаг, ХДХВ/ДОХ-ын халдвартай эмэгтэйчүүд тавиулж болно.

Хэрхэн тавиулах вэ?

Сургагдсан мэргэжлийн эмч суулгац тавиулах гарын хэсэг газарт мэдээ алдуулах тариа хийсний дараа багахан хэмжээний зүслэг хийн арьсан доор суулгацыг суулгадаг.

ЕРӨНДӨГ

Ерөндөг нь жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүнтэй аюул багатай арга юм. Хүний бие махбодид хор нөлөөгүй материалар хийгдэх ба зэс эсвэл даавар агуулсан 2 янз байдаг.

Үйлчлэх механизм:

  • Умайд эр бэлгийн эсийг амьдрах боломжгүй болгож улмаар хөдөлгөөнийг саатуулан өндгөн эсэд очих нөхцөлийг алдагдуулна.
  • Даавар агуулсан ерөндөг нь прогестерон хэмээх дааврыг бага тунгаар ялгаруулж умайн салстыг хэт зузаарч хөвсийхөөс сэргийлдэг. Иймээс биений юм хэт ихээр ирэхээс сэргийлэх, цус багадалтаас хамгаалах үйлчилгээтэй.
  • Зэс нь үр тогтсон өндгөн эс умайн салстанд бэхлэгдэхэд оролцдог зарим ферментийг устгадаг тул жирэмсланаас хамгаалах давхар үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Манай улсад зэстэй ерөндгийг өргөн хэрэглэдэг.

Давуу тал:

  • Өндөр үр дүнтэй. Жирэмслэх магадлал 0,8% байдаг.
  • Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамаална. (5 хүртэл)
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Хүссэн үедээ авахуулж болох ба буцааж авсны дараа жирэмслэлт хурдан сэргэнэ.
  • Төрсөн, хөхүүл эхчүүдэд нэн тохиромжтой. Хөхний сүү гарцанд нөлөөлөхгүй
  • Дааврын эм хэрэглэхэд гаж нөлөө өгдөг болон эсрэг заалттай хүмүүст тохиромжтой
  • Бэлгийн харьцаанд нөлөөлөхүй

Сул тал:

  • БЗХӨ/ДОХ-оос хамгаалахгүй
  • Ариун бус нөхцөлд тавиулсан тохиолдолд халдвар авах боломжтой.
  • Мэргэшсэн эмнэлгийн ажилтны ур чадвараас хамаардаг.
  • Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно.
  • Ерөндөг тавьсны дараа эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч өолно.
  • Үтрээ, умайн хүзүүний үрэвсэлт өвчинөөр өвдөх магадлал нэмэгдэнэ.
  • Умай цоорох эрсдэл 1000-д 1 тхиолдоно.

Ерөндөгийг хэзээ тавиулах вэ?

  • Сарын тэмдэгийн 5 дахь хоногт
  • Амаржсны дараа 48 цагийн дотор эсвэл амаржснаас хойш 4-6 долоо хоногийн дараа

Хүлээн авах        7700-0000